Сурагчдын элсэлтийн шалгалт хаяанд ирлээ. Энэ үед төгсөгчид ямар мэргэжил сонгох, аль сургуульд орохоо шийддэг. Тиймээс цаг үетэйгээ холбогдуулан Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооноос залуусын сонирхож байгаа түгээмэл асуудлын талаар судалгаа хийжээ.
Судалгааны дүнд суралцах боломжийг нэмэгдүүлэх асуудлын талаар залуус илүү мэдээлэл авахыг хүсдэг гэсэн хариу гарчээ. Тиймээс Монгол Ардын Намын Залуучууд-Гэр бүлийн бодлогын байнгын хороо, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо хамтран "Гадаадын их, дээд сургуульд Монгол залуусыг сургах, боловсролыг дээшлүүлэх талаархи төрийн бодлогыг сайжруулах нь" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Залуучууд-Гэр бүлийн бодлогын байнгын хорооны дэд дарга М.Ичинноров, БСШУЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Ч.Наранцогт, Боловсролын магадлан итгэмжлэгдсэн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга В.Алзахгүй болон Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвийнхөн ирж залуусын сонирхсон асуултад хариулсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр БСШУЯ-ны Сургалтын төрийн сан хариуцсан захирал Д.Нансалмаа мөн мэдээлэл хийв.
Сүүлийн жилүүдэд элсэгчид эдийн засаг, нийгмийн чиглэлийн илүүдэлтэй байгаа мэргэжлээр суралцах нь нэмэгдсэн. Энэ нь дипломтой ажилгүйчүүдийн хүрээг тэлсээр байгаа. Харин энэ жилээс нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр уул уурхайн болон бусад нарийн мэргэжлээр суралцах сонирхолтой элсэгчдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ тухай хэлэлцүүлгийн үеэр оюутан залуус байр сууриа илэрхийллээ.
Манай улсад чанартай, чанаргүй олон их, дээд сургууль байдаг. Үүнээс хэрхэн зөв сонголт хийх талаар тэд зөвлөгөө авсан юм. Мөн төрийн болон хувийн зардлаар хилийн чанадад суралцахаар явсан хүмүүсийн бүртгэл хийдэг эсэхийг асууж байв. Төрийн албан хаагчийн мэргэжил дээшлүүлэх асуудлаар ч олон санал, хүсэлт ирж байсан юм. Төрийн албан хаагчийн боловсролын асуудлыг харьяа яамд хариуцдаг. Төрийн анхдагч шатны байгууллагынханд боловсролын талаархи мэдээлэл бага хүрдэг гэж хэлэлцүүлэгт оролцогчид ярьж байлаа.
Эдгээр асуултад БСШУЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Ч.Наранцог "Манай улс бакалавр, магистр, докторын чиглэлээр гадаад руу оюутнууд явуулдаг. Сүүлийн 10 жилд 4000 гаруй хүн бакалаврт суралцсан. Энэ жилээс дэлхийн шилдэг 50 сургуульд тэтгэлгээр суралцах боломжтой болсон. Залуус маань мэдээллээ хаанаас олохоо мэддэггүй учраас олон зүйлээс тусгаарлагдаад байх шиг. Уг нь сайн мэдээлэлтэй бол хувиараа тодорхой хэмжээний тэтгэлэгтэй сурах боломж нээлттэй" гэв.
Харин Боловсролын магадлан итгэмжлэгдсэн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга В.Алзахгүй "Гадаадад суралцсан залуусыг эх орондоо ихийг хийж бүтээхэд нь туслах хэрэгтэй. Магистр, доктороор суралцсан хүмүүсийг төрийн албаны шалгалт авалгүйгээр шууд ажилд авах хэрэгтэй. Заавал хоёр жил ажилласан байх ёстой гээд байвал боловсролтой залуус хувийн байгууллагад ажиллаад төрийн албанд олдохгүй болох нь. Ялангуяа докторын зэрэг хамгаалсан хүнийг шууд ажилд авдаг журам гаргах хэрэгтэй. Зарим нь гадаадад олон жил болсон болохоор хуулиа сайн мэддэггүй. Сураад ирэхэд нь өмнөөс нь олон зүйл яриад явуулдгийг өөрчлөх хэрэгтэй" гэлээ.
Өнгөрөгч оноос гадаадад суралцагчдын тоог гурав дахин, санхүүжилтын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 100 гаруй хүнийг хилийн чанадад суралцуулахаар явуулжээ. Мөн энэ хэмжээний хүмүүсийг бэлтгэн суралцуулах ажлыг хийж байгаа аж. Төрийн сангийн зээлээр гадаадад суралцуулахад төрийн хэд хэдэн бодлого хэрэгждэг байна.
Тухайлбал, тодорхой мэргэжлийн чиглэлийг Засгийн газраас тогтоож, зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй байгаа инженер технологийн чиглэлээр л гэхэд тэргүүлэх зэрэгтэй хүмүүсийг сонгон шалгаруулахдаа илүү квот өгдөг байна. Ямар сургуульд суралцахаас нь хамаарч тодорхой шалгуур тавьдаг аж. Нэгэнт зээл учраас тодорхой хэмжээний санхүүгийн баталгаа шаарддаг гэнэ.
2010-2011 оны хичээлийн жилд 5.3 орчим тэрбум төгрөгийг энэ чиглэлийн ажилд олгох эрхтэй байгаа гэж БСШУЯ-ны Сургалтын төрийн сан хариуцсан захирал Д.Нансалмаа ярилаа. Сонирхуулахад, гадаадад суралцагчдын 45 орчим хувь нь АНУ, 10 хувь нь уул уурхайн чиглэлээр Австрали руу явдаг бол ОХУ-д 16 орчим хувь нь суралцдаг байна. Харин хилийн чанадад суралцахаар явсан хүмүүсийн нэгдсэн бүртгэл байдаггүй аж.